Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Цагаан сарын ёс бэлгэдэл
Цагаан сараар ямархуу идээ ундтай өөдтэй өнгөтэй байхаас тэр айлын гал голомтны жилийн хишиг буян, сүлд хийморьтой холбон бэлэгддэг билээ. Гал тахилгын 23-наас эхлэн утаа исээ гөвж гэр орноо сайтар цэвэрлээд галаа тахих бөгөөд энэ ёслолоос цагаалгын угтлагын бэлтгэл ажил өрнөдөг. Энэ ажилд хир буртаг, үс сахал, утаа тоос зэргээ цэвэрлэх ажил орох бөгөөд нөгөө талд нь гоёл, идээ будааны бэлтгэл хамрагддаг.
Битүүний өдрөөс эхлэн хараал хэрүүлийг тэвчиж, байхгүй үгүй гэх мэт үгийг үл хэлэх, уйлаан зодоон гаргахгүй, дундуур савгүй байх зэрэг олон цээрийг баримталдаг билээ. Энд өргүй бол баян, өвчингүй бол жаргал гэдэг үг эрхэмлэгдэх бөгөөд хуучин ондоо багтан өр шир өглөг авлагаа дуусгах, эм тангаа ууж дуусган эрүүл илаарь болсон байхыг эрхэмлэх ёсон чухалчлагдана. Битүүний шөнийг  гэгээтэй ирээдүйг бэлэгшээж хонох, үүрийн гэгээнээр хийморийн зүгтээ мөрөө гаргах, тэнгэр овоондоо мөргөх, ахас ихэстээ золгох гээд олон үйл бүгдэд нарийн ёс тогтоосон нь бөө мөргөлөөс үүдэлтэй зан заншлууд юм.
Цагаан сарын өдөр хадгийг битүү талаас нь өгч болохгүй, / гашуудал зэргийн муу мэдээг битүү хадгаар илэрхийлдэг/ заавал хадагны амыг золгох хүн рүүгээ харуулж золгоно.
Хөөрөг солилцохдоо толгойг нь заавал үл ялиг сугалж өгөх /зол бус явдалд толгойг нь дарж өгдөг/ зэрэг ёс өнөөг хүртэл уламжлагджээ.
Түүнчлэн малгай, бүсээ заавал тэгш зөв буйг хянах нь зочноо хүндэлснээ илэрхийлэх чухал шинж. Жишээ нь монгол малгай бол улаан залаатай, нар, сар, гал бэлгэдэлтэй амин шүтлэгийн тэмдэг тул хүн тэргүүндээ зөв харуулж өмссөн байх учиртай. Бүс нь уг сурвалжаараа бөс мөн гэлцдэг нь яах аргагүй үнэн юм.
Өөрөөр хэлбэл хожуу үед бөс даавууг бүслэх болсноос түүнийг зааж хэлсэн хэрэг.
Монголчууд эртнээс сур, шир зэргийг сайтар боловсруулаад агсарга (бүс) гэж нэрлэдэг байжээ.
Агсарга нь доош унжсан цацаг гархит сур зэрэг чимэгтэй, түүгээрээ агссан сэлэм, саадаг зэргээ тогтоодог байснаас эр хүний амь насыг хамгаалах эрхэм эдлэл болдог байснаас үүдэлтэй чухал хэрэгсэл юм.
Хожим даавуун бүсийг авч хэрэглэхдээ биеэ гурав ороож хүрэх бүсээр биеэ нар зөв ороож бүслэдэг нь гурвын тоон бэлгэдэлтэй бөөгийн ёстой гүн холбоотой ажээ. Овоог гурав тойрох, гурван удаа хурайлах гэх зэрэг нь бөөгийн ёс, билэгдлийн салшгүй хэсэг мөн. Чухам эндээс малгай нь галтай холбоотой, бүс нь зэр зэвсэгтэй холбоотой бөө мөргөлийн хар цагаан тэнгэрүүдийг төлөөлсөн ойлголт болохыг төвөггүй ажиглаж болно. Чухам ийм учраас бөө мөргөлд малгай, бүсийг эр хүний амин эд гэж эрхэмлэдэг бөгөөд сүнс сүр нь оршдог гэж эрхэмлэн үзэх ёс дэлгэрчээ. Гал тахилгын учир утгын талаар тусад нь өгүүлсэн болохоор энд мөр гаргах ёсны талаар товч өгүүлэх нь зүйтэй.
Мөр гэдэг нь хүний хөлийн мөр, мал ан амьтны мөр бус, харин заяа төөргийн мөр юм. Энэ мөрийг үгээр онож хэлэхийн аясаар мэргэ, мэргэн хүн гэдэг хэллэг үүссэн хэрэг. Мөр гаргах ёс нь мөн л бөө мөргөлийн увидаслаг эрдэмтэй холбоотой зан үйл болой. Өөрөөр хэлбэл, мөрөө гаргах нь хувь заяа, төөрөг хийморьтой байхын учир нууцтай холбогдох бөөгийн зурхайн шинж болно. Хувь гэдэг нь оногдсон хэсэг гэсэн утгатай бол заяа нь зий ай
гэсэн үг. Зий - гэдэг нь зөвхөн өөрт хувьд оногдсон гэсэн утгатай, ай - гэдэг нь дээд тэнгэрийн их сав мөнх тэнгэрт орших өөрийн хувь билэг гэсэн утга ба товчхондоо хувь хүртэх гэсэн утга болно.
Тэнгэрээс өгсөн насны хувь, буяны хувь, тэнгэрийн хувь, хувь сар бол хишгийн сар цагаан сар юм.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats